Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа

“Монголын төмөр зам” ТӨХК болон “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд тээвэрлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Засгийн газраас хэрэгжүүлж буй чухал зорилтуудын нэг болох нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулахаар талууд ийнхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар “Таван толгой түлш” компани нь сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумаас том оврын ачааны автомашинаар тээвэрлэдэг байдал эцэслэгдэх юм.

Автомашинаар тээвэрлэх нь иргэдийн гарт очих “Сайн түлшний” үнэнд хамгийн ихээр нөлөөлдөг бөгөөд мэргэжилтнүүд олон тонн нүүрс тээвэрлэсэн автомашинууд нь орон нутаг болон нийслэлийн чанартай авто замын эвдрэлийн голлох шалтгаануудын нэг болдог мөн зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байна гэж дүгнэдэг.

Тиймээс сайжруулсан түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэлснээр зөвхөн нийслэлийн утааны эсрэг арга хэмжээнд хувь нэмэр оруулаад зогсохгүй эцсийн дүнд “Сайн түлш”-ний үнийг бууруулах замаар  зардлыг ч давхар хэмнэх эдийн засгийн үр ашигтай болохыг хоёр талын удирдлагууд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр онцолж байв.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний түүхий эдийг тээвэрлэх энэхүү санамж бичгийг байгуулахаар санаачилсан. ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу уг төмөр замаар эхний жилүүдэд 10-15 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд үүний 1.5-2 сая тонн орчим нь “Таван толгой түлш” ХХК-ийн “Сайн түлш”-ний түүхий эд байна” гэсэн юм.

Тэгвэл үндэсний бүтээн байгуулагч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц 2020 оны есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар “доод бүтцийн газар шорооны ажил 99.8 хувь, нийт 595 ус зайлуулах хоолойн ажил 99.6 хувь, 27 тусдаа гүүрийн ажил 84.4 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэхүү төмөр зам үндсэн магистрал төмөр замтай холбогдсоноор дан ганц уул уурхайн салбар гэлтгүй Монгол Улсын эдийн засаг, экспорт, нийгэмд том хэмжээний дэмжлэг болох болно.

Харин “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Бид сайжруулсан түлшнийхээ түүхий эдийг 600 километрийн цаанаас автомашинаар татан авч байна. Бид Улаанбаатар хотоос Тавантолгой руу нүүрс ачуулах хоосон машин явуулдаг. Ингээд үндсэндээ нэг явалтаар нийт 1200 километр замыг туулах нь нэгд, эдийн засгийн хувьд өндөр зардал гаргахаас гадна авто замын ашиглалт, эвдрэлтэй холбоотой бусад асуудлууд гарч байгаа. Өнгөрсөн жилийн хувьд оргил үедээ өдөртөө 1200 гаруй машин хоёр тийшээ явж байсан. Автомашинаар сайжруулсан нүүрсний түүхий эд зөөвөрлөхөд тонн тутамд 65000-70000 төгрөг зарцуулдаг. Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор энэ зардал тонн тутамд өнөөдрийн төмөр замын ханшаар 25000-30000 төгрөг болж буурах юм. Мөн бид нэг талдаа хоосон ачаатай автомашин явуулахгүй болсноор энэ зардал дахиад гурав дахин буурах боломжтой гэж тооцож байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...