Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЧӨЛӨӨТ

Д.Оюунтүлхүүр; Монголоор өөрийгөө танилцуулахад гоё санагдаж билээ

Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр (1975 онд Улаанбаатарт төрсөн) нь Монголын дуучин, ая зохиогч юм. 1989 оны 8-р сард Токио хотноо зохиогдсон, 7 дахь удаагийн Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд өөрийн зохиосон “Ээжийн бүүвэй” дуугаараа оролцож, гран-при шагнал хүртсэн. Улмаар уг дуугаа япон хэл рүү орчуулан дуулж, 1990 оны 5-р сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ. 1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэгт оролцож байсан нь “Коохакү Үта-гассэн”-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байжээ.
Тэрээр цахим хуудсандаа өөрийн амьдралын түүхээс хуваалцжээ.
Тэмдэглэл 4. Японд анх удаа хөл тавив.
Аян замд гардаг өглөө манай эмээгийн байрны гадаа намайг гаргаж өгөхөөр байрныхан, ах дүү, найз нөхөд гээд 30, 40 -өөд хүмүүс цугларчихсан зарим нь балкон дээрээсээ даллаад л амжилт хүсч байлаа. 👋 Аавыг Багшийн сургуульд сурч байх үед багшилж байсан Батаа багш нь хар 24 машинаараа намайг нисэх рүү хүргэж өгөхөөр ирсэн байв. Тэмцээндээ амжилттай оролцохын ерөөл тавьцгааж, эмээ минь сүүн цацлаа өргөж бүгд далласаар үлдэж, би бас машины цонхоор гараа гарган далласаар аян замдаа хөдөллөө.
Надад итгэл найдвар хүлээлгэж байгаа та нартаа би сайхан мэдээ дуулгахыг хичээнээ гэж тэдэндээ хэлээгүй ч өөртөө хэлж байсан юм. 🙏 Ингээд онгоцны буудал дээр аав, ээж Ц.Нацагдорж (Нацагаа) ахтайгаа уулзаад, яаж яаж явах, хэдэн цагт Москвад буух, цаашаа Токио руу ямар онгоцоор хэр удаан нисээд буух тухай ярилцаж байсан байх даа бодвол. Би гэдэг хүнд мэдэж байгаа ч юм байхгүй санаа амар амьтан байж дээ бас л . 😉 Ер нь тэгэхдээ яг юу болоод байгааг сайн ойлгож ухаарахгүй паникийн байдалд орсон байсан юм шигээ. Ямар сайндаа л тэр үеийн зарим нарийн ширийн зүйлийг санахгүй ээжээсээ тодруулж асууж байх вэ дээ. 😅
За тэгээд аав, ээждээ нэг хацраа сайн шиг үнсүүлж аваад хил гааль руу орлоо. Гаалийн ажилтан Нацагаа ахын чемоданыг онгойлготол бараг талд нь шахуу лаазалсан жигнэсэн мах гараад ирэв. 🥫 Та яагаад ийм ихийг авч яваа юм гэж асууж шалгаахад, ах нь хаашаа ч явсан авч явдаг юм аа, энэгүйгээр гадаад явдаггүй хураалгахгүй гэж хэлээд тас гүрийгээд хүмүүсийг инээлгэж байсныг санадаг юм. 😆 Би ч яах вэ хүмүүст өгөх бэлэг дурсгалын зүйлүүдээ үзүүлж харуулж, ах маань тайлбарлаж өгч байсан. Энэ хүүхэд ийм тэмцээн уралдаанд явах гэж байгаа юмаа гэж хэлэхээр гаалийнханд сайн бууж өгөхгүй байсан байх л даа. Юун уралдаан гэж бодсон байх??
За ингээд хилээр нэвтрээд ямар ч байсан онгоцондоо ороод суугаад авлаа. Гадаад руу анх удаа 13 настай хүүхэд онгоцоор нисч байгаа гэхээр ямар байх вэ гэдэг нь уншигч танд төсөөлөгдөх болов уу. Уул нь би зуны амралтаар л хөдөө, аав ээжийн нутаг Сүхбаатар аймаг руу эмээ дээрээ (аавын ижий) очих гэж нөгөө гоё “голио ногоон” онгоцоороо зөндөө нисч байсан л даа. ❤ Москва хүртэл нисэхэд бараг 10 цаг болсон санагдах юм, дунд нь Эрхүүд шатахуун хийх гээд бууж байсан шиг санаад байна.
Аян замд хамгийн их бодогдсон зүйл юу вэ? гэвэл намайг ямар ертөнц хүлээж байгаа юм бол гэсэн бодол л байлаа. Догдлол бас бяцхан айдас. 🙏 Москвад буугаад цаашаа нисэх онгоцондоо суух гэж хүлээлгийн танхимд маш удаан хүлээсээн. Баахан янз бүрийн төрхтэй гадаадын хүмүүсийн дунд нэг л их шамбааралдсан байдалтай байж билээ, төрөл бүрийн хэлээр ярьж шуугилдаад, суух сандал хүрэлцэхгүй ихэнх нь чемодан дээрээ зарим нь газар суучихсан, би бодохдоо тамирчид юм байна ямар нэг тэмцээн уралдаанд явж байгаа байх нь гэж бодсон. Би ч бас олон улсын тэмцээнд явж байгаа шүү дээ гэж өөрөөрөө бас бахархах сэтгэл төрөөд байнаа. 😊
За ингээд удаан хүлээсний эцэст Токио руу нисэх онгоцондоо суухаар нэгэн хоолойгоор ороод явчихлаа. Юу болсон гэхээр.. Энэ чинь тэгээд онгоц яг мөн юмуу гээд уулга алдсан. JAL (Японы хамгийн том авиа компани) ын том онгоц шүү дээ. ✈ Нэг л их том хурлын танхим руу яваад орчихлоо, суудлаа эзэллээ, тэр үйлчилгээ, хоол унд энэ тэрийн талаар ярихын биш. Өлссөн байсан ч догдлоод хоол ордоггүй ээ, тэгээд ч идэж чадахааргүй зүйл байсан юм. Бор өнгийн хүйтэн гоймон ( соба гоймон, одоо бол маш их дуртай), хүйтэн будааны зууш мэтийн хоол байв. Гэрээс гараад унтаагүй олон цаг болсон болохоор нойр мойр ч юу болоод байгаа юм бүү мэд ээ, нар мандаад байгаа муу, жаргаад байгаа муу, мэдэж байгаа юм алга нэг л зүүд зэрэглээн дунд аялсаар байгаад зорьсон газраа хүрлээ дээ. 😇
Токиогийн “Нарита” онгоцны буудалд тэмцээн зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ишико сан гэдэг Япон хүн орчуулагчгүйгээр ганцаараа тосож авлаа. 🇯🇵 Миний амьдралдаа анх удаа уулзсан Япон хүн байв. Инээд цалгисан хөгжилтэй төрхтэй, найрсаг яриа маягтай хүн, “шайн байноо, мини нээр Ишико” гэж ирээд Монголоор өөрийгөө танилцуулахад гоё санагдаж билээ. Нацагаа ах маань англи хэл гадарладаг байсан болохоор хүмүүстэй ямар ч байсан ойр зуурт бол ойлголцоод, бас “боди лангүэж”, дохио зангаагаар зочид буудал явах хүртэлх замд ойлголцоод байсан юм.
Үдийн алдад буусан санагдана, ямар ч байсан гэгээтэй байсан, онгоцны буудлаас гадаад ертөнцөд хөл тавиад… зүгээр л харь гаригт ирчихсэн байв. Ишико гуай “бүүвэйн дуу” чинь сайхан дуу, бараг түрүүлэх байх гэсэн утгатай юм ярьж, би за тэр ч юу л бол гэж бодож байлаа. Зочид буудал руу нилээн удаан бараг 2 цаг гаран явж байсан болохоор гадаад ертөнцтэй танилцаж, жинхэнэ соёлын шоконд орон гайхан биширч явлаа.😲
Бүх л зүйл цочролд оруулж байлаа, тэнгэр баганадсан өндөр байшин барилга, олон давхар зам, эрээн мяраан рекламын самбар, олон төрлийн авто машин, шоргоолж шиг олон хүн, өөрөө онгойдог хаалга, урсдаг шат, автомат хэрэгслүүд гээд тоочвол барагдахгүй их. Буудалд ойртох хэрд гэгээ тасраад Токио хот олон өнгийн гэрлээ асааж бүр гайхамшигтай болох нь тэр. Шинжюкү дүүргийн Принс зочид буудалд хүрч ирээд өрөөндөө ачаагаа оруулж тавиад оройн хоол идэхээр гарлаа. 🍛🍲🦐
Дараагийн тэмдэглэл 5, Тэмцээндээ оролцов гэжээ.

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

ЧӨЛӨӨТ

Э.Дашням: Ажиллажбайна даа. Зарим үйлчлүүлэгч бензин авахдаа таниад зураг хөрөг даруулж байна. Яагаад ийм ажил хийж байгаа юм бэ гэж асууж байх юм. Хүн...