Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв байгуулах,  тэнд нутаглуулсан насан өөд бологсдын шарилыг нүүлгэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, “Нью семетри” ХХК-ийн хамтран хэрэгжүүлэх төслийг эхлүүлсэн энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд хурал ном хурж, зан үйл хийсэн юм.

Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар иржээ. Далан давхрын оршуулгын газар нь нийт 73.9 га талбайг хамардаг. Харин төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн бөгөөд нийт 10.934 булш тоологдсон байна. Газар оршоосон хүний цогцос нь 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалж, байгаль экологи болон хүний эрүүл ахуй, амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг. Чухам тиймээс нийслэлийн хойморт орших Самбалхүндэвт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулахаар зорьж буй юм. Төсөл хэрэгжүүлэгчдээс зарим зүйлийг тодрууллаа.

Гандантэгчэнлин хийдийн лам Ж.Одгарьд:

Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх тухай сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа ч ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн. 2021 онд Нийслэлийн Засаг даргын А/733 тоот захирамж гарч, асуудлыг нэг талд гаргаж, хэн ч харсан сэтгэлд зохистой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажлыг Гандантэгчэнлин хийд, тус хийдийн лам хуврагууд дэмжиж байгаа.

-Өөд болоочдын шарилыг зөөхөд ямар зан үйл хийдэг вэ. Урьд өмнө нь ийм тохиолдол олон гарч байсан уу?

-Дээдэс лам нарын бичиж үлдээсэн судар номын дагуу зан үйл хийж, хурал ном хурж байна. Өнөөдөр лам хуврагууд маань Гүнрэгийн лхого, Лүйжин зэрэг номыг хурлаа. Цаашид өдөр тутамд хурал ном үргэлжлүүлэн хурна. Бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлэх зан үйл урьд өмнө нь болж байсан үйл л дээ. Ялангуяа Мял богд төгс гэгээрсэн бурхны хутгийг олоод өөрийн ээжийнхээ шарилыг дахин оршоож байсан гэдэг. Орчин цагт ч ялгаагүй ийм зан үйл олонтаа тохиосон. Насан өөд бологсдын ар гэрийнхнийг түмэн олныхоо тусын тулд зөв сэтгэлээр хандаасай гэж уриалмаар байна. Энэхүү оршуулгын газарт Гандантэгчэнлин хийдийн олон лам хуврагуудыг нутаглуулсан байдаг гэсэн юм.

“Нью семетри” ХХК-ийн  гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа:

-Тус төслийг хэрэгжүүлэх санаачилга хэрхэн гарсан бэ?

-Манай компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгоход хувь нэмрээ оруулах, оршуулгатай холбоотой олон тулгамдсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ар гэрийнхний дэмжлэгээр чамгүй зориг шаардсан ажлыг эхлүүллээ. Гүн хүндэтгэлтэй, нэн хариуцлагатай энэ ажлыг нээлттэй байх зарчмаар хийж гүйцэтгэнэ. Анх 2015 онд УБЗАА-аас тооллого хийхэд оршуулгын 30 хувь эвдрэлтэй байсан бол одоо 50 хувь болж нэмэгдээд байна. Тиймээс ар гэрийнхний зүгээс айдас хүйдэсгүйгээр бурхан болоочоо эргэж болох нь гээд талархалтай хандаж байгаа.

-Нэр хаяг тодорхойгүй булшнуудыг яах вэ. Ар гэрийнхэн нь холбогдож байна уу?

-Хэний хэн, хэдэн онд оршуулсан нь тодорхойгүй бурхан болоочдын шарилыг чандарлаад дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд мөнхжүүлнэ. Нэр хаягтайг нь мөн сийлж мөнхжүүлнэ. Төсөл хэрэгжүүлж буй 10 га газарт багтсан насан өөд бологсдын нэрийг www.sambalhundev.mn сайтад байршуулсан. Тэндээс хайж олж болно. Төслийн талбайд байршсан бурхан болоочийн ар гэрийнхэн шарилыг гаргах өдрөө өөрсдөө сонгох боломжтой.

-Гадаадын иргэний шарил олон бий гэсэн. Холбогдох байгууллагуудтай нь холбоо барьсан уу?

-Тухайн улсын Элчин сайдын яам, холбогдох газруудад нь мэдээллээ хүргэсэн. Ямар байдлаар хамтран ажиллахаа ярилцаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас есдүгээр сар хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэх юм.

-Төслийн бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Төсөл гурван бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Нэгдүгээрт, талбайд хамаарагдаж буй 11 мянган бурхан болоочийн шүтээн чандрыг залах дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, буяны сүмийн бүтээн байгуулалт, хоёрдугаарт эмгэг судлалын төв буюу цогцос хадгалах байр, гуравдугаарт оршуулга болон түүнтэй холбоотой зан үйлийн нэгдсэн цогцолбор байгуулна гэлээ.

Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, Дэнжийн мянгын хүнсний захтай зэрэгцэн оршдог. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх  Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах ажлыг ийнхүү эхлүүллээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...